Хууль эрхзүйн мэдээллийг боловсронгуй болгох тухай

Манай холбооны зүгээс Хууль зүйн яаманд өргөх төхөөрөмжийн 7 дүрэмд байдаг, хууль зөрчсөн заалтуудын талаар албан тоот хүргүүлсэн.

Хууль зүйн яамнаас албан тоотод өгүүлсэн асуудал нь бодитой байгаа тул уг заалтуудыг залруулах үүргийг БХБЯ-нд хүргүүсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл энэ асуудал шийдэгдэлгүй 1 жил болж байдаг. ХЗЯ-нд хүргүүлсэн албан тоотыг доор бүрэн эхээр нь харуулав.

 

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ТАНАА

Өргөх төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй 

байдлыг зохицуулдаг дүрмийн тухай

 

Монгол улсад өргөх төхөөрөмж /кран, лифт, барилгын өргүүрүүд/-ийн ашиглалтын аюулгүй байдлыг 7 дүрмээр зохицуулдаг /Хавсралтын эхний хоёр баганаас харж болно/. Эдгээр дүрэмд хуулиас давсан заалтууд багагүй байхаас гадна уг дүрмүүд хүчинтэй байх эсэх нь тодорхойгүй байгааг дараах үндэслэлээр тайлбарлаж байна:

  1. Өргөх төхөөрөмжийг шинээр ашиглалтанд оруулахын өмнө бүрэн, цаашид ашиглаад жил бүр ээлжит техникийн магадлалыг ашиглагч байгууллага хийлгэж байхыг дүрэмд заасан байдаг. Магадлал гэдэг нь өргөх төхөөрөмжийг дүрмийн дагуу ашиглаж байгааг, техникийн хувьд бүрэн, бүтэн аюулгүй байгааг шалгаж, туршиж тогтоодог үйл ажиллагааг хэлдэг

Энэ ажлыг мэргэжлийн өндөр төвшинд, хариуцлагатайгаар гүйцэтгэх шаардлагатай юм. Тусгай зөвшөөрлийн хуулиар өргөх төхөөрөмжид магадлал хийхэд тусгай зөвшөөрөл олгоно гэсэн заалт байдаггүй. Тэгэхээр үүнийг хэн, ямар шаардлага хангасан нөхцөлд хийх ёстойг дүрэмд тусгах хэрэгтэй болсон.

Дээрх 7 дүрэмд үүнийг гүйцэтгэх байгууллагыг өргөх төхөөрөмжид угсралт, засвар хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар эсвэл инженерийн төвөөр, лабораториор хийлгэнэ гэх мэтээр янз бүрээр заасан байна /Хавсралтын 4 дүгээр багана/. Гэхдээ эдгээр нэр дурдсан байгууллагуудад тавигдах шаардлага, эрх, үүрэг, хариуцлагыг дүрэмд зохицуулж өгөөгүй байдаг. Иймд өргөх төхөөрөмжид ээлжит магадлал хийх ажил чанаргүй болох, хийгдэхгүй өнгөрөх зэргээс болж үйлдвэрлэл дээр бүрэн бус техник ашиглагдах, дүрмийн бус үйл ажиллагаа газар авч улмаар өргөх төхөөрөмж дээр осол байнга гарах болсон

Гэтэл өргөх төхөөрөмжид техникийн магадлал хийх асуудлыг Монгол улсад Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг юм байна.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д техникийн хяналтгэж бүтээгдэхүүн, түүний зохион бүтээлт, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл нь ерөнхий болон тусгай шаардлагад тохирч байгаа эсэхийг мэргэшлийн үүднээс тодорхойлох ажиллагааг гэж мөн 13.1-д Итгэмжлэлд сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага хамрагдаж болно гээд 13.2-д Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь заавал итгэмжлэгдэнэгэж заасан байдаг байна. Харин итгэмжлэгдэхийн тул техникийн хяналт хийх байгууллага нь боловсон хүчний, менежментийн, техник хэрэгслийн өндөр төвшинд байж, итгэжлэгддэг тул итгэмжлэгдсэн байгууллага нь өргөх төхөөрөмжид магадлал хийх чадвартай байгууллага болж чадна гэж үзэж байна

Иймд дээрх 7 дүрэмд Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулиас давсан заалт орсныг засуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзлээ.

  1. Дээрх дүрмүүдэд өргөх механизмын хяналтын улсын байцаагч нь шинээр угсарсан өргөх төхөөрөмжийг ашиглах зөвшөөрөл олгох, өргөх төхөөрөмжийн бүртгэлийг хөтлөх, мэргэжлийн түр сургалтын шалгалтын комисст орж ажиллах, мэргэжлийн үнэмлэхэд гарын үсгээ зурах, техникийн магадлал хийх мэргэжлийн байгууллагын ажилтнууд, мэргэжлийн комиссын гишүүд, зураг төсөл зохиогч, өргөх төхөөрөмжийн үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч, засвар, угсралт, эзэмшигч байгууллагын удирдах ажилтанмэргэжилтнүүдээс дүрмийн мэдлэгийн болон давтан шалгалт авч байх тухай заалтууд орсон байдаг /Хавсралтын 3,5 дугаар багана/ .

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хуульд улсын байцаагч нь зөвхөн хяналт, шалгалт хийх, гарсан зөрчилд арга хэмжээ авах, ажлаа тайлагнаж, мэдээлж байхыг хуульчилж өгсөн байдаг. Гэтэл энэ дүрмээр улсын байцаагчид хуулиас давсан эрх, үүрэг ноогдуулжээ

Салбарын хэмжээнд бүртгэл хөтлөх, аливаа зөвшөөрөл олгох нь төрийн захиргааны байгууллагын үүрэг байдаг. Мөн мэргэжлийн ажилчдын сургалт явуулах зөвшөөрөл олгох, сургалтын чанарт хяналт тавих асуудлыг Монгол улсад Хөдөлмөрийн яамнаас, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хүрээнд зохицуулдаг

Иймд дээрх 7 дүрэмд хуулиас давсан заалт орсныг засуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзлээ.

  1. Өргөх төхөөрөмжийн 7 дүрэм нь Засгийн газрын 2009 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсанБарилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”-нд заасан барилгын норм ба дүрэм /БНбД/, Монгол Улсын барилгын үндэсний стандарт /MNS/, зураг төсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэлийн барилгын дүрэм /БД/, тогтолцооны удирдлагын чанартай баримт бичиг /УББ/-ийн алинд ч хамаарагддаггүй байна. Учир нь дээрх 7 дүрмийн эхний хэсэг нь өргөх төхөөрөмжийн үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг, хоёр дахь хэсэг нь өргөх төхөөрөмжийг аюулгүй ашиглах үйл ажиллагааг зохицуулсан агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл эхний хэсгийг стандарт /MNS/ болгон гаргах, хоёр дахь хэсгийг барилгын дүрэм /БД/ эсвэл барилгын норм ба дүрм /БНбД/ болгон гаргахад тохиромжтой байдаг

Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”-ны 5.17-д Барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм, удирдлагын чанартай баримт бичигтБНбД“, “БД“, “УББгэсэн индекс тэмдэглэгээ хийж БНбДийн дэс дугаарыг 01 дугаараас, БДийн дэс дугаарыг 101 дугаараас, УББийн дэс дугаарыг 201 дугаараас тус тус эхэлнэ. гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл барилгын салбарт хэрэглэгддэг бүх норм, норм нормативын баримт бичигт аль ангилалд хамаарахыг заасан код /жишээ нь БНбД 01-11-23 г.м/ өгдөгХарин өргөх төхөөрөмжийн 7 дүрэм ямар ч ангилалд нь хамрагдаагүй бөгөөд түүнд барилгын норматив баримт бичгийн код өгөгдөөгүй байна. Энэ нь тэдгээрийг барилгын норматив баримт бичигт тооцоогүй байна гэж үзэхээр байна

Барилгын тухай хуулийн 5.1-д Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна: гээд 5.1.1-д барилгын норм, дүрэм; 5.1.2-д барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал; 5.1.3-д стандарт гэж заасан байна. Тэгэхээр дээрх 7 дүрэм нь барилгын норм, нормативын баримт бичигт харьялагдахгүй болж байна.

Мөн дээрх 7 дүрмээс зөвхөн нэг нь/ Манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм/ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /legalinfo.mn/-д орсон байдаг юм байна. Тэгэхээр эдгээр дүрэм нь гарахдаа Хууль зүйн яамаар хянагдсан эсэхэд эргэлзэж байна.

Дээрх дүрмүүдийг хууль эрх зүйн зөрчилгүй болгон шийдвэрлэж, захиргааны хэв хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх чиглэлийг уг дүрмүүдийг баталсан Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авч өгөхийг танаас хүсье.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                             Г.БАТСАЙХАН

©2020 Copyright - "ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ" ҮНДЭСНИЙ ХОЛБОО