Лифтэнд техник үйлчилгээ хийх заавар

Лифтийн техникийн үйлчилгээ /ТҮ/-г цаг тухайд нь чанартай, тогтмол хийснээр лифт гэмтэл сааталгүй, аюулгүй, найдвартай ажиллахаас гадна түүний ашиглалтын зардал хэмнэгдэж, ашиглагдах хугацаа уртасдаг.

Лифтэнд техникийн үйлчилгээг гүйцэтгэхийн өмнө дараах бэлтгэл ажил хийгдсэн байна:

  1. Лифт эзэмшигч байгууллагаас лифтийн паспортыг хүлээн авсан байна.
  2. Лифт эзэмшигч байгууллагын төлөөллийг байлцуулна.
  3. Шаардлага гарвал техникийн үйлчилгээний үед лифтчинээр машины өрөө, бүхээгийг цэвэрлүүлэх, машины өрөө, хонгилд гэрэл дутуу байвал түүнийг бүрдүүлэх арга хэмжээ авна

Лифтийн техникийн үйлчилгээгээр дараах 5 ажлыг гүйцэтгэнэ:

  1. Цэвэрлэгээ: Лифтийн машины өрөө, хонгил, худаг дахь бүх эд ангийг цэвэрлэж тоос, тосыг арилгана. Мөн цахилгаан хэрэгслийн авалцуурын бохирдлыг цэвэрлэж, тэдгээрийг бохирдуулсан шалтгааныг олж, илрүүлэн засах ажлыг гүйцэтгэнэ. Энэ үед бүхээгний хөдөлгөөнд тоос шороог дэгдээх эх үүсвэр байвал үүнийг үгүй болгох саналыг лифт эзэмшигчид тавина. Шаардлагатай нөхцөлд хонгилын дотор талд өнгөлгөө, будаг хийлгэнэ.
  2. Чангалгаа: Лифтийн бүх эд анги болон тэдгээрийг бэхэлсэн бэхэлгээний эрэг боолтыг чангална. Утаснуудыг цахилгааны шонгуудад бэхэлсэн боолт, багцлан холбогч үүрний /коннектор/ холболт, түүний бэхэлгээ үзлэгт мөн хамрагдана. Энэ үед эрэг боолт бүхнийг зориулалтын багажаар чангална гэдгийг анхаарах хэрэгтэй.
  3. Тохируулга: Лифтийн тохируулга хийгддэг бүх зай хэмжээг, шалгаж шаардлагатай нөхцөлд тохируулгыг гүйцэтгэнэ. Тохируулгыг хийхдээ лифтийн угсралт, ашиглалтын болон лифтэнд техникийн үйлчилгээ хийх технологийн зааврыг мөрдлөг болгоно. Мөн зарим эд ангийн элэгдэл гэмтлийг шалгаж шаардлага хангах эсэхийг тогтооно.
  4. Тосолгоо: Тосолгооны байдал, редукторын болон чиглүүлэгч зам тослогчийн тосны түвшний хэмжээг шалгаж шаардлагатай бол зааврын дагуу /лифтийн ашиглалтын зааварт тусгагдсан/ тосолгоо хийх, тосыг нэмэх ажлыг гүйцэтгэнэ.
  5. Паспорт дээр тэмдэглэл хийх: Лифтийн паспорт дээр гүйцэтгэсэн ажлынхаа тухай тэмдэглэл хийж гарын үсгээ зурах буюу лифт эзэмшигчийн төлөөллөөр мөн гарын үсгийг нь зуруулж паспортыг хүлээлгэн өгнө. Лифтийн паспортанд техникийн үзлэгийн дараа бичдэг дээрх агуулга бүхий тэмдэглэлийг хийнэ.

Лифтийн техникийн үйлчилгээг хийх ажил, дараалал, гүйцэтгэх аргачлал, хэрэглэх багаж хэрэгслийг дараах хүснэгтэд үзүүлэв:

 

Гүйцэтгэх ажил

Гүйцэтгэх аргачлал

Хэрэглэгдэх багаж материал

1 2 3

2.1. Бэлтгэл ажил

1 ТҮ хийлгэхэд: Өмнөх техникийн үзлэгээр лифт эзэмшигчийн зүгээс бэлтгүүлэхээр техникийн паспортанд тэмдэглэгдсэн зүйлсийг үзэж, бэлдсэн сэлбэг, материалыг хүлээн авна. Лифт эзэмшигч байгууллагын төлөөлөлтэй уулзана.

2

 

Лифтийг ажиллуулж ерөнхий ажиллагааг шалгаж, дараагийн ТҮ хийхдээ юуг анхаарахыг тогтооно. Лифт ажиллах үед гаж дуу, цохио, доргио байгаа эсэхийг шалгаж хянана.

2.2. Машины өрөөнд орж лифтийг ажиллуулахгүйгээр хийх ажил

1 Машины өрөөний гэрэлтүүлэг, цэвэрлэгээг үзэж, дутуу зүйлсийг гүйцэтгүүлэх. Мөн хаалга, цонх, тэдгээрийн цоож түгжээ нь бүрэн бүтэн эсэхийг шалгаж үзнэ. Өрөөний цэвэрлэгээг лифтчинээр гүйцэтгүүлнэ. Хаалга, цонх хаалттай, гаднаас тоос орохгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
2 Хөдөлгүүр, редуктор, муфт, тоормос, шкивүүд, тэдгээрийн хаалт, эсрэг ачааны баригч /байгаа бол/ хөтлүүрийн суурийн бэхэлгээний боолтуудыг нэг бүрчлэн чангална. Боолт бүрийг тохирох түлхүүрээр нь эргүүлж, чангалж шалгана. Түлхүүрийн иж бүрдэл
3 Хурд хязгаарлагчийн боолт, хурд хязгаарлагчийн бэхэлгээний  боолтыг нь нэг бүрчлэн чангална. Боолт бүрийг тохирох түлхүүрээр нь эргүүлж, чангалж үзэж хянана. Түлхүүрийн иж бүрдэл
4 Оролтын болон цахилгаан-электрон удирдлагын самбар, цахилгаан хэрэгсэл, аппаратууд, электрон платыг суурилуулсан бэхэлгээний болон тэдгээрт холбосон утасны холболтын боолтуудыг чангалж, багц утасны холбогч /коннектор/-ийн найдвартай холбогдсон байдлыг шалгаж, шаардлагатай зүйлийг засна. Боолт бүрийг тохирох түлхүүр, халиваар эргүүлж, чангалж үзнэ. Утасны холбогчид утас хөдөлгөөнгүй холбогдсон, хоорондоо холхиогүй залгагдаж байгааг магадлана. Иж бүрэн түлхүүр
5 Хөтлүүрийн болон туслах шкивний суурилалт эгц босоо ба хоёр шкив нэг хавтгай дээр байгаа эсэхийг шалгана. Мөн үндсэн болон туслах шкивнээс ган татлага бүхээг, эсрэг ачааны арал төмрийн төв дээр эгц босоо бууж байгаа эсэх, шкивний хаалтны тавилтын хэмжээ, шкивний ойролцоо төмрийн зордос байгаа эсэхийг шалгана.

Алдаа илэрсэн тохиолдолд хөтлүүрийг сууриар нь хөдөлгөх, суурины боолтод хавчуурга хийх, туслах шкивний голны бэхэлгээг хөдөлгөх маягаар тохируулна.

Шкив тус бүрийн 2 талд түүний хацрыг нь дагуулан дүүжин утас унжуулж эгц босоо байдлыг, 2 шкивийг таширт нь 2 талд нь утас татаж, 2 шкив нэг хавтгай дээр байгаа байдлыг, шкив бүрийн ган татлага доош бууж байгаа төвөөс бүхээг, эсрэг ачааны хүрээ арал төмрийн төв дээр дүүжин утас унжуулж хөтлүүр туслах шкивний байрлалыг шалгана. 3-5 м урттай утас, 80-100 г-ын дүүжин ачаа.

Энэ ажлыг жилд нэг удаа лифтийг магадлалд оруулахын өмнө гүйцэтгэнэ.

6 Үндсэн шкивний ган татлаганы суулт, ховил, хурд хязгаарлагчийн дамрын ховилын элэгдлийг шалгана. Ган татлага дамрын ховилын ёроолд хүрсэн байж болохгүй. Мөн эсрэг ачааны баригчид ган татлага шүргээгүй байгаа байдлыг үзэж магадлана. Шкивний ховил руу ган татлаганы доогуур шуп хийж завсрыг шалгаж  үзнэ. Татлаганы суултыг шкив дээрх татлагууд дээр хөндлөнгөөр нь төмөр шугам тавьж, ган татлаганы ховилд суусан гүний ялгааг хянаж үзнэ. 1-3 мм-ийн завсар хэмжигч /шуп/, 15-20 см-ийн урттай төмөр шугам
7 Үндсэн болон хурд хязгаарлагчийн ган татлаганы элэгдлийг шалгаж үзнэ. Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмд заасан шалгуурын дагуу хянаж үзнэ. Голчийн хэмжээг штангенциркулиэр,

тасарсан утасны тоог нүдээр харж тоолно.

Штангенциркуль
8 Редукторын резин жийргэвчний битүүмжлэл, тосны түвшинг шалгана. Резин жийргэвчээр тос гоожоогүй, тосны түвшин шупний дээд, доод хязгаарын дунд, эсвэл шилэн цонхны заасан түвшинд байна. Мөн редукторын араан дамжуулгын элэгдлийг шалгана. Тос гоожсон эсэхийг нүдээр харж, тосны түвшинг редукторын шупийг  сугалан авч үзнэ. Тоормосыг гараар суллаж, штурвалыг мөн гараар эргүүлж түүний сул явалтаар редукторын арааны элэгдлийг шалгана. Шупний тосыг арчих алчуур
9 Тоормосны пүрш, хөдөлгөөнт холбоосуудын байдал, накладны элэгдлийг шалгана. Мөн пүрш хугараагүй, нугасан холбоосууд холхиогүй байна. Тоормосыг тохируулах үед бүхээгийг дотроо хүнгүйгээр хамгийн дээд байрлалд байлгана. Гараар тоормосыг суллаж хэмжилт, шалгалтыг хийж гүйцэтгэнэ. Штангенциркуль, завсар хэмжигч /шуп/, түлхүүрийн иж бүрдэл
10 Муфтний хурууны элэгдэл, бэхэлгээг шалгана. Бэхэлгээ сул бол чангална, зөөлөн холбоо элэгдсэн бол солино. Тоормосыг гар удирдлагаар нь суллаад муфтийг сул ганхуулж үзнэ. Түлхүүрийн иж бүрдэл
11 Цахилгааны аппарат, реле, контакторын авалцах хэсгийг шалгана. Релений авалцуурын хугарсан хэсэг болон шалбарсан утсыг сольж, гацсаныг засаж, бохирдсоныг цэвэрлэнэ. Авалцуурын завсар болон түүний контакт нийлэх хүчийг илэрхийлж буй илүү явалтыг шалгана. Реле, контакторын авалцуурын хөдөлгөөнт хэсэг дээр дарж үзэн хөдөлгөөн гацаагүй, хугаралтгүй байгаа эсэх, авалцуурын завсар /контакт нийлэх хүртэлх явалт/, илүү явалтын хэмжээ,  авалцуурын бохирдолт болон утасны бүрээс шалбарсан, холболт суларсныг үзэж шалгана. Алчуур, цэвэрлэх шингэн, түлхүүрийн иж бүрдэл шуп. Авалцуурын завсар болон илүү явалтын тохиргоо гол төлөв цахилгаан релений удирдлагатай лифтэнд хийгдэнэ.

 

12 Хурд хязгаарлагчийн дамрын гол дээрх холхивчийг шалгана. Дамрыг ган татлагаас суллаад түүнийг ганхуулж үзэхэд хөдөлгөөнгүй байна. Түлхүүрийн иж бүрдэл
13 Газардуулгын холболтыг шалгана. Холболт тасраагүй битүү байгааг үзнэ Цахилгааны мультметр (тестер)
14 Хөдөлгүүр, редуктор, муфт, тоормос, шкивүүд, хөтлүүрийн суурийг цэвэрлэнэ. Тос, тоосгүй болгоно. Хуурай, нойтон алчуураар арчиж, шаардлагатай газар хатуу, зөөлөн сойз хэрэглэнэ. Хувин, ус, алчуур, сойз, сэтгүүр
15 Хурд хязгаарлагчийг цэвэрлэнэ. Тос, тоосгүй болгоно. Хуурай, нойтон алчуураар арчиж, шаардлагатай газар хатуу, зөөлөн сойз хэрэглэнэ. Хувин, ус, алчуур, сойз, сэтгүүр
16 Цахилгаан-электрон удирдлагын самбар, тэнд тоноглосон цахилгааны аппарат, хэрэгсэл, электрон платыг цэвэрлэнэ. Энэ үед электрон платыг гэмтээх, цахилгаан холболтыг таслахаас болгоомжлох хэрэгтэй. Тоосгүй болгоно. Хуурай зөөлөн алчуур, өдлөг үсээр арчиж, шаардлагатай газар тоос сорогч хэрэглэнэ. Цэвэрлэгээг болгоомжтой, нямбай хийнэ. Зөөлөн алчуур, сойз, сэтгүүр, тоос сорогч.
17 Холбооны хэрэгсэл ажилтай эсэхийг шалгана. Ярьж үзэж шалгана.

2.3. Ерөнхий залгуурыг залгаад лифтийг машины өрөөнөөс ажиллуулах горим дээр тавиад гүйцэтгэх ажил

1 Лифтийг машины өрөөнөөс ажиллуулаад хөтлүүр, цахилгаан аппаратуудын ажиллагааг шалгана. Хөтлүүр зөөлөн, цохилт, чичиргээгүй ажиллана. Контактор, реленүүд ажиллахдаа оч хаяхгүй, дүнгэнэсэн дуугүй ажиллана. Ямар нэг гажиг илэрвэл түүнийг засах ба энэ үед заавал лифтийг зогсоож ерөнхий залгуурыг салгасан байна. Лифтийг дээш доош явуулж, зогсоож байх хооронд хөтлүүрийг ажиглана, чагнана, удирдлагын самбарыг онгойлгож ажиглана. Электрон платны дэлгэц дээрх мэдээлэл зөв өгөгдөж байгааг магадлана. Техникийн чагнуур
2 Хурд хязгаарлагч, баригчийн ажиллагааг шалгана. Хурд хязгаарлагчийн тээглүүрийг албадан тээглүүлж, баригчийг ажиллуулж туршина. Энэ үед тоормосыг бариулахгүй байдалд байлгана. Цахилгаан релений удирдлагатай лифтэнд хурд хязгаарлагчийн татлагыг жижиг шкив дээр нь байрлуулж бүхээгийг доош явуулж туршина. Түлхүүрийн иж бүрдэл, тахометр
3 Штурвал, хурд хязгаарлагчийн таслууруудын ажиллагаатай эсэхийг шалгана. Лифтийг ажиллаж байх үед таслуур дээр дарж шалгана.

 

2.4. Лифтийг бүхээгний орой дээрээс удирдах горимд тавиад бүхээгний орой дээр гарч хонгилд хийгдэх ажил

1 Хонгилд дээрээс нь эхлээд доош бүхээг, эсрэг ачааны чиглүүлэгч зам, тэдгээрийн кронштейн, хонгилын гэрэл, хана дагуу байрлуулсан багц утас, хонгилын хаалганы механизм, хаалганы самбар, босго, түүний хаалтны тоосыг нэг бүрчлэн цэвэрлэн доош унагаж, хуурай болон чийгтэй алчуураар арчина. Эцэст нь худгийг цэвэрлэнэ. Бүхээг дээр зогсоод цэвэрлэгээг хийж, удирдлагаар аажим доош шилжүүлж ажиллана. Хамгийн доод зогсоол хүртэл явж цэвэрлэнэ. Хувин, ус, алчуур, сойз, сэтгүүр, хогийн хамуур, шүүр
2 Дээрх цэвэрлэгээ хийхийн хамт бүхээг, эсрэг ачааны зам төмрийн кронштейн, хонгилын хаалганы механизм, хаалганы самбар, босго, түүний хаалтны боолт, бэхэлгээг нэг бүрчлэн чангална. Дүүжин кабелийн дээд бэхэлгээний байдлыг шалгана. Бүхээг дээр зогсоод чангалгааг хийж, удирдлагаар аажим доош шилжүүлж ажиллана. Дүүжин кабелийн бэхэлгээг нүдээр үзэж шалгана. Түлхүүрийн иж бүрдэл
3 Бүхээгний дээд тал, удирдлагын плат, цахилгааны холболтын самбар, бусад тоноглол, мэдрүүрийг цэвэрлэнэ. Цэвэрлэгээг болгоомжтой, нямбай хийнэ. Энэ үед электрон платыг гэмтээх, цахилгаан холболтыг таслахаас болгоомжил. Алчуур, зөөлөн сойз, шаардлагатай бол тоос сорогч хэрэглэнэ.
4 Бүхээгний дээр суурилуулсан тоноглол, цахилгааны самбар, хаалганы механизм, инвертер, плат болон бусад тоноглол, мэдр мэдрүүрийг үүдийн бэхэлгээний боолтуудыг чангална. Мөн  цахилгааны холболтууд, багцлан холбогч /коннектор/-уудын бэхэлгээ найдвартай байгаа байдлыг шалгана. Боолт бүрд түлхүүр, халиваар чангална. Түлхүүрийн иж бүрдэл
5 Бүхээгийг дээрээс доош явуулж байх үед дээд хязгаарын таслууруудын байрлал, ажиллагаа, давхрын соронзон мэдрүүр, хонгилын хаалганы түгжээг шалгана. Таслууруудыг явуут дунд нь дарах, хаалганы түгжээг мултлах үед бүхээгний хөдөлгөөн зогсож байгаа байдлыг магадлаж шалгана. Эвхдэг метр, цахилгааны тестер, түлхүүрийн иж бүрдэл

 

6 Бүхээгний хаалганы самбарын хааж нээгдэх ажиллагааг шалгана. Хаалганы самбар нэгэн хавтгайд байх ба гацаагүй нээгдэж, хаагдаж, автомат түгжээг гараар мултлахад түгжээний механизм ямар нэг гацаагүй эхний байрлалдаа буцаж очиж байна. Хаалгыг нээж хаан, түгжээг гараар мулталж үзнэ. Хаалганы замын дээд доод роликны элэгдэл, холхиог хөдөлгөж үзнэ. Шуп, түлхүүрийн иж бүрдэл, төмөр шугам

 

7 Бүхээг, эсрэг ачааны арал төмөр дээр ган татлаганы бэхлэгдсэн хэсгийн найдвартай байдал, татлаганы таталтын жигд байдлыг шалгана. Ган татлаганы бэхэлгээг чангална, пүршнүүдийн агшилт жигд, хугараагүй байгаа эсэхийг шалгана. Түлхүүрийн иж бүрдэл, төмөр шугам
8 Хонгилын бүх хаалганы самбарын тохиргоог зогсоол бүр дээр шалгаад шаардлагатай бол тохируулна. Хонгилын хаалганы самбарууд нэг хавтгай дээр байгаа эсэх, самбарын эргэн тойрны завсрын хэмжээ, жигд байдал, хаалга түүний хүрээ төмөр хоёрын дундах завсрын жигд байдлыг үзнэ, хэмжинэ. Метр, төмөр шугам, шуп, штангенциркуль, түлхүүрийн иж бүрдэл
9 Хонгилын бүх хаалганы түгжээний тохиргоог шалгаад шаардлагатай бол тохируулна. Түгжээ хаалга хаахад бүрэн орж байгаа эсэх, гацаагүй ажиллаж байгааг, таслуурын ажиллагаа найдвартай эсэхийг үзнэ. Төмөр шугам, шуп, түлхүүрийн иж бүрдэл, цахилгааны мультметр (тестер)
10 Давхрын мэдрүүр, шунтны байрлалын тохиргоог шалгаад шаардлагатай бол тохируулна. Шунт давхрын мэдрүүрийн ацны завсраар ороход харилцан байх хэмжээс хэвийн эсэхийг хэмжиж үзнэ. Төмөр шугам, түлхүүрийн иж бүрдэл
11 Бүхээгний болон эсрэг ачааны чиглүүлэгч замын тохиргоог шалгаад шаардлагатай бол тохируулна. Мөн гулгагчийн байрлалыг хэмжиж тохируулах ба тослогчийн тосыг шалгана. Шаардлагатай бол башмакийг шахаж, тослогчид тос хийнэ. Чиглүүлэгч замын тулгуур бүрийн харалдаа зам төмрийн хоорондох зай, эгц өөдөөсөө харсан байдлыг хэмжинэ. Чиглүүлэгчийн тавилтын эгц босоо байдлыг чиг утас унжуулж, зориулалтын багажаар шалгана. Метр, дүүжин утас, лазер чиг хэмжигч, түлхүүрийн иж бүрдэл. Үүнийг жилд 1 удаа ээлжит магадлал хийхийн өмнө гүйцэтгэж болно.
12 Хонгилын бүх хаалганы түгжээний ролик бүхээгний хаалганы хөтлөгч /отводка/ хоорондын тохиргоог шалгаад шаардлагатай бол тохируулна. Хонгилын хаалга бүрийн харалдаа зогсоод бүхээгний хаалганы хөтлүүр /отводка/ ролик, хооронд үүсэх 3 талын завсрын хэмжээсийг хэмжиж шалгана. Төмөр шугам,  түлхүүрийн иж бүрдэл
13 Бүхээг дээр байх үедээ эсрэг ачааны байдлыг шалгана. Эсрэг ачаа, түүний арал төмөрт бүрэн цэвэрлэгээ, чангалгаа хийж, ган татлага бэхэлсэн бэхэлгээ түүний пүрш, гулгагч /башмак/ зэргийг үзэж шалгана. Эсрэг ачааг бүхээгний харалдаа ирэх үед хуурай, нойтон алчуураар цэвэрлэж, боолт бүрийг чангалж башмакны завсрыг шалгаж тослогчид тосыг дүүргэнэ. Алчуур, хувин, түлхүүрийн иж бүрдэл, шуп, шугам
14 Худагт орж хурд хязгаарлагчийн татлага чангалагч, бүхээгний болон эсрэг ачааны буфер, шат, цахилгааны бусад тоноглол, бүхээгний баригч, доод гулгаа /башмак/, мэдрүүрүүдийг арчина. Худгийг цэвэрлэнэ. Хуурай нойтон цэвэрлэгээ хийж хогийг хамж гадагш хаяна. Хувин, хогийн хутгуур, алчуур, сойз
15 Хурд хязгаарлагчийн татлага чангалагч, бүхээг, эсрэг ачааны буфер, шат, цахилгааны бусад тоноглол, мэдрүүрүүдийн боолт, бэхэлгээг чангална. Татлага чангалагчийн ачааны байрлалын  тохиргоо, дүүжин кабелийн доод бэхэлгээг шалгана. Түлхүүрээр нэг бүрчлэн эргүүлж чангална. Татлага сунаж  чангалагч нь таслуурт хэт ойртсон нөхцөлд хурд хязгаарлагчийн ган татлагыг сойно. Түлхүүрийн иж бүрдэл
16 Худагт доод хязгаарын таслууруудын байрлал, ажиллагааг, баригч, буферийн таслуурыг /байгаа бол/, “Зогс” товчлуур, худгийн розетканы ажиллагаа, эсрэг ачаа буферийн хоорондох зайг тус тус шалгана. Таслууруудын байрлал, буферийн өндрийн хэмжээг лифтийн даац, хурдаас хамааруулан түүний угсралтын заавраас үзэж шаардлагатай бол тохируулна. Бүхээгийг дээш явж байх үед нь таслууруудыг дарж шалгана. Эсвэл таслуурыг дараад бүхээгийг явуулах гэж оролдоно. Эсрэг ачаа буферийн хоорондох зайг үзэхдээ бүхээгийг хамгийн дээд зогсоолд нь аваачсан байна. Метр, цахилгааны тестер
17 Бүхээгний баригч, доод гулгагчийн тохиргоог хавсралтын дагуу шалгаад шаардлагатай бол тохируулна. Худагт орж зогсоод хэмжилтийг хийнэ. Шуп, түлхүүрийн иж бүрдэл, гар чийдэн
18 ТҮ хийхдээ салгаж авсан хаалганы механизмын, босгоны, бүхээгний, эсрэг ачааны хаалтуудыг эргүүлж тавин, бэхэлгээг сайн хийнэ. Таслуурууд, самбар, цахилгааны зангилаа, сувгийн тагийг нээсэн бол тэдгээрийг эргүүлж таглан, боолтыг нь тоо ёсоор нь бүрэн боож байхыг анхаарах хэрэгтэй. Түлхүүрийн иж бүрдэл

2.5. Лифтийг ажиллуулж шалгах

1 Бүхээгийг явуулж үзэхэд элдэв дуу, цохио, сугсраа байгаа эсэхийг үзнэ. Ажиллаж байх үед бүхээг дотроос, машины өрөөнөөс чагнаж үзнэ.
2 Хаалганы түгжээний авалцуурыг шалгана. Үүнийг давхар бүрд лифтийн явдал дунд хонгилын хаалгыг онгойлгож шалгана. Түлхүүрийн иж бүрдэл
3 Шалны контакт, даац хязгаарлагчийг шалгана. Шаардлагатай бол тохируулна Даац хэтрүүлж лифт ажиллах эсэхийг үзнэ. Төмөр шугам, шуп, цахилгааны тестер. Үүнийг 6 сард 1 удаа хийнэ.
4 Электрон системийн тохируулгатай холбоотой алдаа гарах буюу захиалагчийн хүсэлтээр ажиллагааны горимд зарим өөрчлөлт оруулах шаардлага гарсан нөхцөлд электрон удирдлагад тохируулга хийнэ. Тухайн лифтийн электрон удирдлагын системийг угсрах, тохируулах зааврын дагуу гүйцэтгэнэ. Цахилгааны мультметр (тестер), түлхүүрийн иж бүрдэл

2.6. Төгсгөлийн ажил

1 Лифтийн паспорт дээр гүйцэтгэсэн ажлынхаа тухай тэмдэглэл хийж үйлчилгээ хийсэн механик гарын үсгээ зурж лифт эзэмшигчийн төлөөллөөр мөн гарын үсгийг нь зуруулж, паспортыг хүлээлгэн өгнө. Лифтийн техникийн байдал ямар түвшинд байгаа, сольсон, зассан, тохируулсан эд анги, лифтийг дүрмийн дагуу ашиглахад ашиглагч байгууллагаас анхаарах зүйлийн талаар зөвлөмж  бичнэ.
2 Машины өрөөг түгжиж түлхүүрийг хүлээлгэн өгнө. Түлхүүрийг хүлээлгэж өгөхийн өмнө бүх эд ангийн хаалт, хамгаалалт бүрэн хийгдсэн, цахилгааны самбарыг сайн хааж түгжсэн эсэхийг магадлана.
3 Шаардлагатай бол лифт эзэмшигчид зөвлөгөө өгнө.

 

Лифтийн тохируулга хийх зай хэмжээсийг лифтэнд техникийн үйлчилгээ хийх технологийн зааврын дагуу гүйцэтгэнэ.

8 дүгээр хавсралт

 

ГАН ТАТЛАГЫГ ГОЛОГДОЛД ГАРГАХ НОРМ

  1. Томоосны нэг алхмын уртад тасарсан утасны тоогоор ган татлагыг гологдолд гаргах нормыг 9.1 дүгээр хүснэгтийн дагуу гүйцэтгэнэ.

Хүснэгт 9.1

 

D/d харьцаа

Ган татлагын хийц

6×19=144+1 oc 6×37=222+1 oc
Ган татлагын томоосны нэг алхмын урт дахь тасарсан утасны тоогоор гологдол болгох норм
Эсрэг

томоостой

Дагуу

томоостой

Эсрэг

томоостой

Дагуу

томоостой

9 хүртэл 14 7 23 12
9-10 16 8 26 13
10-12 18 9 29 14
12-14 20 10 32 16
14-16 22 11 35 18
16-с дээш 24 12 38 19

 

Тайлбар: D – Хүрдний голч /мм/, d – Ган татлагын голч /мм/, ос – Органик зүрхэвчтэй гэсэн үг.

  1. Татлаганы томоосны алхмын уртыг тодорхойлохдоо татлаганы томсон багцны гадна талд тэмдэг тавиад түүнээс татлаганы уртын дагуу томсон багцыг уг татлаганд байгаа багцын тооны хэмжээгээр тоолоод түүний дараагийн багц дээр тэмдэг тавина. Энэ хоёр тэмдгийн хоорондох зай нь татлаганы алхмын урт болно.
  2. Томоосны нэг багцад ижил биш голчтой утас орсон /6х19=144+1ос маркийн/ татлагад нарийн утас тасарсныг 1 утас тасарсанд, бүдүүн утас тасарсныг 1,7 утас тасарсанд тооцож бодно.
  3. 9.1 дүгээр хүснэгтэд байхгүй татлаганы гологдлын нормыг тодорхойлохдоо түүнтэй багцын тоо, багц доторх утасны тоогоор хамгийн ойрхон байгаа татлагатай жишиж авна. Жишээ нь нэг зүрхэвчтэй 8х19=152 татлаганы ойролцоо хэмжээтэй татлага нь нэг зүрхэвчтэй 6х19=114 татлага ба гологдолд гаргах тасарсан утасны тоог 96/72 гэсэн харьцаагаар үржүүлж тодорхойлно. Энд 96 ба 72 нь хоёр татлаганы гадна талын багцнуудын утасны нийт тоо.
  4. Гадаргуугийн элэгдэл ба зэврэлтээс хамааруулж нэг алхам дахь тасарсан утасны тоогоор гологдол гаргах нормыг тодорхойлохдоо 9.2 дугаар хүснэгтэд зааснаар бууруулж тооцно.

Хүснэгт 9.2

Өнгөний зэврэлт ба элэгдлийн нөлөөгөөр утасны голчийн багасалт, % Томоосны алхам дахь тасарсан утасны тоо хүснэгт 9.1-д заасан нормоос, %
10 85
15 75
20 70
25 60
30 ба түүнээс дээш 50

 

Утасны анхны голч нь элэгдэл ба зэврэлтээс шалтгаалж 40 хувь ба түүнээс дээш багассан бол уг ган татлагыг гологдол болгоно. Утасны элэгдэл ба зэврэлтийн хэмжээг тодорхойлохдоо түүний тасарсан утасны голчийг микрометрээр хэмжиж тодорхойлно. Ган татлагын аль нэг эрч бүхлээрээ тасарсан байвал түүнийг ашиглахыг хориглоно.

  1. Бүхээг хэд хэдэн татлаганаас зүүгдэж байгаа нөхцөлд татлага бүрийг тусд нь гологдолд гаргана. Харин аль их элэгдсэнийг нь дангаар нь сольж болно.
  2. 7. Бүхээг 3 ба түүнээс дээш татлага дээр зүүгдэж байгаа үед татлагуудын элэгдлийн дундаж хэмжээгээр гологдолд гаргана. Энэ үед аль нэг татлаганы элэгдэл 9.2 дугаар хүснэгтэд заасан нормоос 50 хүртэл хувь хэтрэхийг зөвшөөрнө.
  3. 8. Татлага тодорхой хэмжээгээр элэгдсэн боловч гологдол болгох нормд хүрээгүй байгаа татлагыг ашиглахдаа дараах зүйлсийг анхаарна:

8.1. үйлчилгээ бүхэндээ татлагыг анхааралтай шалгаж паспортанд тэмдэглэж байна;

8.2. элэгдэл нь гологдол болгох нормын хэмжээнд хүрмэгц татлагыг солино.

©2020 Copyright - "ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ" ҮНДЭСНИЙ ХОЛБОО