Лифтэнд магдлал хийх заавар

Лифтэнд бүрэн, ээлжит хэсэгчилсэн магадлал хийх заавар.

 

Лифтэнд бүрэн магадлалыг түүнийг шинээр угсарсны дараа болон шинэчлэл, өөрчлөлт хийсний дараа хийнэ.

Лифтэнд бүрэн магадлал хийхэд лифт угсарсан байгууллага, лифт суурилуулсан барилгын захиалагч болон цаашид лифтийг эзэмших, ашиглах байгууллагын төлөөлөл заавал байлцана.

Лифтний бүрэн магадлалаар дараах үзлэг шалгалтыг хийнэ:

  1. Техникийн болон ашиглалтын баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх;
  2. Лифтийг дүрмийн дагуу ашиглах орон тоо зохион байгуулалтыг хийж, мэргэжлийн эрх бүхий хүмүүсийг томилсон эсэх;
  3. Лифтийн иж бүрдэл дэх тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлт нь паспортын өгөгдөлтэй нийцэж байгаа эсэх;
  4. Лифт угсралтыг зургийн дагуу хийсэн байдал;
  5. Лифт ажиллах үеийн техникийн гол үзүүлэлт нь түүний ашиглалтын зааврын дагуу байгаа эсэх;
  6. Лифтний ажиллагаа, техникийн байдал хэвийн, тохируулгын зай хэмжээсүүд норм хэмжээндээ байгаа эсэх;
  7. Лифтний ослоос хамгаалах хэрэгслүүд бүрэн, бүтэн, ажиллагаатай, тохируулагдсан байгаа эсэх;
  8. Хурд хязгаарлагч, баригч, зөөлөвч тулгуур, тоормос, үндсэн шкивний ган татлагатай барьцалдах хэмжээний хамгийн их, байга байх хэмжээг туршин шалгаж, цахилгаан систем, дамжуулагч утасны тусгаарлагч, газардуулгын эсэргүүцэл, газардуулгыг хэмжиж, шалгана;
  9. Статик, динамик туршилтыг ачаалалтайгаар хийнэ. Энэ үед баригчийг бариулж шалгана;
  10. Галын лифттэй үед түүнийг галын горим дээр тавьж ажиллагааг нь шалгах;

 

Лифтийн ээлжит магадлалыг бүрэн магадлал хийснээс хойш болон өмнөх ээлжит магадлал хийснээс хойш 12 сараас илүүгүй хугацаагаар ажилласны дараа хийлгэнэ. Ээлжит магадлалыг хийхдээ бүрэн магадлалаар хийдэг ажлыг гүйцэтгэх боловч дээр заасан 3, 4, 5-д заасан ажлуудыг хийхгүй байж болно. Мөн статик, динамик туршилтыг хийхгүй, баригчийг ачаагүйгээр туршиж болно.

 

Лифтэнд хэсэгчилсэн магадлал хийхэд зөвхөн сольсон, зассан тухайн эд ангийн ажиллагааг турших ажлыг гүйцэтгэнэ. Дээр дурдсан бусад ажлыг шаардлагатай бол хийж болно.

 

Техникийн болон ашиглалтын баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх шалгах.

 

Техникийн болон ашиглалтын баримт бичгийн бүрдэл бүрэн эсэхийг дараах байдлаар шалгана:

  1. Ашиглалтын заавар. Лифтийг угсрах, түүнд засвар техникийн үйлчилгээ хийх, тохируулах, аюулгүй ашиглах заавар, тэдгээрийг дагалдах лифтийн болон түүний угсралтын зураг, цахилгааны, электрон системын, гидравлик схемүүдыг орчуулан судлах, холбогдох хүмүүст судлуулах, шаардлагатай заримд сургалт зохион байгуулах ажлыг хийж байгаа эсэх.
  2. Лифтийг аюулгүй найдвартай болохыг баталсан баримт бичиг болох үйлдвэрээс нь дагалдуулан ирүүлсэн, лифт болон түүний зарим эд ангийг үйлдвэрлээд тэндээ туршсан тухай акт, сертификатууд, лифтийг манайд угсарсны дараа түүнд бүрэн магадлал хийсэн акт, газардуулга, дамжуулагчийн тусгаарлагчийн эсэргүүцлийг шалгасан протокол гэх мэт тухайн лифт найдвартай үйлдвэрлэгдсэн, оруулж ирээд угсарсны дараа ашиглахад аюулгүй болох тухай гэрчилсэн, баталсан баримт бичгүүд байгаа эсэх.
  3. Техникийн паспортыг хөтөлж байгаа эсэх. Техникийн паспортод бүрэн бүтэн байдал болон засвар үйлчилгээ хариуцсан хүмүүс гарын үсгээ зурахаас гадна уг лифтэнд хийгдсэн бүх техникийн үйлчилгээ, засвар, магадлалыг хийсэн хүмүүсээр нь гүйцэтгэсэн ажлыг нь бичүүлж, гарын үсгийг нь зуруулжсан эсэх.

 

Лифтийг дүрмийн дагуу ашиглах орон тоо зохион байгуулалтыг хийж, мэргэжлийн эрх бүхий хүмүүсийг томилсон эсэхийг шалгахдаа

 

Лифтийг дүрмийн дагуу  ашиглах орон тоо зохион байгуулалтыг хийж, мэргэжлийн эрх бүхий хүмүүсийг томилсон эсэхийг дараах байдлаар шалгана:

  1. Лифтийн бүрэн бүтэн байдлын хариуцагчийг томилсон тушаалыг шалгана. Бүрэн бүтэн байдал хариуцагч нь сургалтанд сууж мэргэжлийн гэрчилгээ авсан байна;
  2. Лифтийн засвар, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл эсвэл үүнийг гүйцэтгэх мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээг үзнэ. Мөн гэрээт байгууллагын механикийн мэргэжлийн үнэмлэх байгаа эсэх, мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл гэрээнд хавсрагдсан болон тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй эсэхийг;
  3. Мэргэжлийн лифтчинг ажилд авч, түүнтэй гэрээ байгуулсан эсэх, лифтчин нь тухайн жилийн ээлжит шалгалтад хамрагдсан байдлыг.

 

Лифтийн иж бүрдэл дэх тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлт нь паспортын өгөгдөлтэй нийцэж байгаа эсэхийг шалгахдаа.

 

Лифтийн иж бүрдэл дэх тоног төхөөрөмжүүд нь паспортын өгөгдөлтэй нийцэж байгааг дараах эд ангийн паспорт дээрх үзүүлэлтийг түүний шошго дээрх үзүүлэлттэй тулган харах, хэмжилт хийх маягаар тогтооно:

  • Бүхээгний гулгагч /башмак/;
  • Бүхээг, эсрэг ачааны зөөлөвч тулгуур /буфер/;
  • Баригч төхөөрөмж;
  • Хурд хязгаарлагч;
  • Хөтлүүр;
  • Удирдлагын систем /холбооны хэрэгсэл, фазын болон хүчдэлийн уналтын хамгаалагч, нөөц тэжээлийн эх үүсвэр г.м энэ дүрмээр болон лифтний паспортанд байлгахаар заасан нэмэлт хэрэгслүүд/.

 

Лифт угсралтыг зургийн дагуу хийсэн байдлыг шалгахдаа

 

Лифт угсралтыг зургийн дагуу хийсэн байдлыг шалгахдаа дараах эд ангийн угсралт зургийн дагуу, тэгш, алдаагүй угсрагдсан эсэхийг хэмжиж шалгана:

  • Бүхээг ба эсрэг ачааны чиглүүлэгч зам төмрийн тэгш тавилт;
  • Хөтлүүрийн болон чиглүүлэгч шкивний байрлал, тэгш тавилт;
  • Хурд хязгаарлагч түүний татлага чангалагчийн байрлал;
  • Гулгагч болон баригчийн чиглүүлэгч зам төмрийн хооронд байх завсрын хэмжээ;
  • Бүхээг ба эсрэг ачааны зөөлөвч тулгуурын тавилтын өндрийн хэмжээ;
  • Бүхээгний дээрх орон зайн болон худгийн хэмжээ;
  • Түгжээний ролик, хаалганы хөтлөгчийн харилцан явж өнгөрөх зай хэмжээ нь хонгилын бүх хаалганд хэмжээндээ бөгөөд жигд байгааг;
  • Давхрын мэдрүүр, шунтны харилцан явж өнгөрөх зай хэмжээ нь бүхээгний бүх зогсоолд хэмжээндээ бөгөөд жигд байгааг;
  • Хонгил ба бүхээгний хаалганы механизм болон босгоны хоорондоо зөрж өнгөрөх зайн хэмжээ;
  • Хонгил, бүхээгний хаалганы самбарын суурилах хэмжээсүүд;
  • Цахилгаан хэлхээ, тоноглол, хэмжих багажны цахилгаан дамжуулах утасны тусгаарлагч болон газардуулгын эсэргүүцэл;
  • Цахилгааны утсуудыг хамгаалалтын хайрцагт суурилуулсан болон хананд бэхэлсэн байдал;
  • Гидравлик хөтлүүртэй лифтний цилиндр, шингэн дамжуулах хоолой, бусад төхөөрөмжийн битүүмжлэлийн байдлыг үзэж шалгана.

Чиглүүлэгч зам төмрийн тэгш тавилтыг шалгахад хэмжих багажны төрлөөс хамаарч зарим газар чиг утас татах шаардлага гарах ба үүнийг лифт угсрагч мэргэжлийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

Дээрх хэмжилтийг хийхэд чиглүүлэгч зам төмрийн тавилтын тэгш байдлыг хэмжих шаардлагыг хангах нарийвчлал бүхий зориулалтын багаж, лазерметр, төрөл бүрийн хэмжээтэй шуп, миллиметрийн хуваарьтай төмөр шугам, дүүжин утас, тэгш ус хэрэглэнэ.

 

Лифт ажиллах үеийн техникийн гол үзүүлэлт нь түүний ашиглалтын зааврын дагуу байгаа эсэхийг шалгахдаа

 

Лифтийн гол үзүүлэлтүүд нь түүний ашиглалтын зааварт заасан хэмжээнд байгааг дараах үзүүлэлтийг хэмжиж тогтооно:

  • Бүхээгний шилжих хурд;
  • Бүхээгний даацын тохиргоо;
  • Бүхээгний дотор хэмжээ;
  • Хурдыг хязгаарлах хэмжээ;
  • Буферийн агших хэмжээ;

Дээрх үзүүлэлтийг хэмжихэд тахометр, секундээр хугацаа хэмжигч, эвхдэг метр, туршилтын ачаа хэрэглэнэ. Туршилтын ачааг барилгын захиалагч эсвэл лифт ашиглагч байгууллага хариуцна.

 

Лифтний ажиллагаа, ослоос хамгаалах хэрэгслийн техникийн байдал хэвийн, тохируулгын зай хэмжээсүүд норм хэмжээндээ байгаа эсэхийг шалгахдаа;

 

Лифтний ажиллагаа, техникийн байдал хэвийн, тохируулгын зай хэмжээсүүд норм хэмжээндээ байгааг дараах байдлаар үзэж, хэмжиж шалгана:

  • Лифтний ажиллагаа хэвийн элдэв дуу, цохио, савалгаа, чичиргээгүй ажиллаж байгааг;
  • Машины өрөө, хонгил, худагт байх лифтний эд анги тэдгээрийн бэхэлгээ цэвэр, шороо тоос, тосгүй байгааг;
  • Эд ангиудын бэхэлгээний боолт бүрэн, чангалгаа нь найдвартай байгааг;
  • Эд ангиудын тохируулгын зай хэмжээ хэвийн байгааг. Үүнийг лифтэнд техникийн үйлчилгээ хийх технологид бичигдсэн тохируулгын зааврын дагуу шалгана;
  • Эд ангиудын тосолгооны байдал Үүнийг тухайн лифтний тосолгооны хүснэгтийг мөрдлөг болгон гүйцэтгэнэ.

 

Цахилгааны холболт, аюулгүй байдлыг магадлах

 

Цахилгаан системийн байдлыг нүдээр үзэж шалгана, цахилгаан хэрэгслийн үзүүлэлт нь паспортын өгөгдөлтэй нийцэж байгааг шалгана;

Лифтний цахилгаан хангамжийн газардуулга болон нейтралийн холболтын байдлыг шалгана;

Газардуулга болон дамжуулагчийн тусгаарлагчийн эсэргүүцлийг шалгана. Цахилгааны угсралтын үед тусгаарлагчийн эсэргүүцлийг хэмжихдээ дамжуулагч утас нэг бүрийн газардуулгатай харьцангуй эсэргүүцлийг хэмжих бөгөөд тусгаарлагчийн эсэргүүцэл нь доорх утгуудаас багагүй байна.

 

 

Хэлхээний хэвийн хүчдэл,

В

Шалгах хүчдэл (тогтмол),

В

Тусгаарлагчийн эсэргүүцэл    МОм
< 50 250 ≥ 0.25
≤ 500 500 ≥ 0.5
> 500 1000 ≥ 1.0

 

Оролтын төхөөрөмжийн нейтраль шугамыг газардуулгатай холбоход дифференциал автомат хаяж байгааг шалгана;

Лифтний төхөөрмжүүдийг хооронд нь газардуулгаар холбосон тохиолдолд газардуулгын хоорондын холболтын эсэргүүцэл нь 0.05 Ом-оос ихгүй байгааг магадлана.

Цахилгааны шалгалтын хэмжилтүүдийг актаар баталгаажуулан дараагийн ээлжит магадлал хүртэл техникийн паспорттай цуг хадгална.

 

Лифтний ослоос хамгаалах хэрэгслүүд бүрэн, бүтэн, ажиллагаатай байгааг шалгах.

 

Дараах ослоос хамгаалах хэрэгсэл бүрэн бүтэн ажиллагаатай эсэх, тохируулгын зай хэмжээ нь хэмжээндээ байгаа эсэх, түүний таслагчийг дарахад ажиллагааг зогсоон хамгаалж чадаж байгаа эсэхийг шалгана.

  • Бүхээгний дээд, доод хязгаарын таслагчууд;
  • Хөтлүүрийн гар эргүүлэг /штурвал/-ний таслагч;
  • Хурд хязгаарлагчийн таслагч;
  • Баригчийн таслагч;
  • Даац хязгаарлагч;
  • Хонгил, бүхээгний хаалгануудын түгжээний таслагч;
  • Хаалганд хүн хавчуулагдахаас хамгаалах хэрэгсэл;
  • Зөөлөвч тулгуурын таслагч;
  • Хонгил, бүхээг дээрх, машины өрөөний “STOP” товчлуурууд;
  • Хурд хязгаарлагчийн татлага чангалагчийн таслагч;
  • Лифтний гэрэлтүүлэг, гэрлэн болон дуут дохиолол, холбооны хэрэгслийн ажиллагаа.

 

Лифтийн ажиллагааг галын горим дээр шалгах.

 

Лифтийг галын горим дээр тавиад дараах ажиллагааг шалгана:

  • Гадна удирдлага ажиллахгүй болж лифтийг зөвхөн тушаалын товчлуураар түүнээс гар салгахгүй дарж ажиллуулж байгааг;
  • Лифт аль ч зогсоолоос зөвхөн үндсэн зогсоолын талбай руу явж байгааг;
  • Бүхээгний даац хэтэрсэн нөхцөлд дуут дохио өгч байгааг;
  • Үндсэн зогсоолын талбайгаас бүхээгтэй харилцах боломж байгааг;
  • Бүхээгний нээлхийн тагны таслагч ажиллагаатай байгааг;
  • Лифтний хаалгыг хаахдаа хаах товчлуурыг гар салгалгүй дарж гүйцэтгэх ба товчлуураас гар салгах нөхцөлд хаалга автоматаар нээгдэж байгааг.

 

Ган татлаганы байдлыг шалгана.

 

Ган татлага хэвийн байгаа эсэхийг тодорхойлохдоо ган татлага бяцраагүй, няцраагүй, нугалраагүй байхаас гадна түүнд үүссэн өргөсний хэмжээ, элэгдэл, зэврэлтийн байдлаар оношилно

Томоосны нэг алхмын уртад тасарсан утасны тоогоор ган татлагыг гологдолд гаргах нормыг дараах хүснэгтийн дагуу гүйцэтгэнэ.

 

Дүрмээр тогтоогдсон анхны бат бэхийн нөөцийн илтгэлцүүр D/d харьцаагаар Ган татлагын хийц
6×19=144+1 oc 6×37=222+1 oc
Ган татлагын томоосны нэг алхамын урт дахь тасарсан утасны тоогоор гологдол болгох норм
Эсрэг

томоостой

Дагуу

томоостой

Эсрэг

томоостой

Дагуу

томоостой

9 хүртэл 14 7 23 12
9-10 16 8 26 13
10-12 18 9 29 14
12-14 20 10 32 16
14-16 22 11 35 18
16-с дээш 24 12 38 19

 

Тайлбар: D – Хүрдний диаметр /мм/, d – Ган татлагын диаметр /мм/, ос – Органик зүрхэвчтэй гэсэн үг.

Татлаганы томоосны алхмын уртыг тодорхойлохдоо татлаганы томсон багцны гадна талд тэмдэг тавиад түүнээс татлаганы уртын дагуу томсон багцыг уг татлаганд байгаа багцын тооны хэмжээгээр тоолоод түүний дараагийн багц дээр тэмдэг тавина. Энэ хоёр тэмдгийн хоорондох зай нь татлаганы алхмын урт болно.

Томоосны нэг багцад ижил биш диаметртэй утас орсон /6х19=144+1ос маркийн/ татлагад нарийн утас тасарсныг 1 утас тасарсанд, бүдүүн утас тасарсныг 1,7 утас тасарсанд тооцож бодно.

Дээрх хүснэгтэд байхгүй татлаганы гологдлын нормыг тодорхойлохдоо түүнтэй багцын тоо, багц доторхи утасны тоогоор хамгийн ойрхон байгаа татлагатай жишиж авна. Жишээ нь нэг зүрхэвчтэй 8х19=152 татлаганы ойролцоо хэмжээтэй татлага нь нэг зүрхэвчтэй 6х19=114 татлага ба гологдолд гаргах тасарсан утасны тоог 96/72 гэсэн харьцаагаар үржүүлж тодорхойлно. Энд 96 ба 72 нь хоёр татлаганы гадна талын багцнуудын утасны нийт тоо.

Гадаргуугийн элэгдэл ба зэврэлтээс хамааруулж алхам дахь тасарсан утасны тооны нормыг тодорхойлохдоо дараах хүснэгтэд зааснаар бууруулж тооцно.

 

                                                                                                                        Өнгөний зэврэлт ба элэгдлийн нөлөөгөөр утасны диаметрийн хорогдол, % Томоосны алхам дахь тасарсан утасны тоо хүснэгт 3-т заасан нормоос, %
10 85
15 75
20 70
25 60
30 ба түүнээс дээш 50

 

Утасны анхны диаметр элэгдэл ба зэврэлтээс шалтгаалж 40 хувь ба түүнээс дээш багассан бол уг ган татлагыг гологдол болгоно. Утасны элэгдэл ба зэврэлтийн хэмжээг тодорхойлохдоо түүний тасарсан утасны диаметрыг микрометрээр хэмжиж тодорхойлно.

Ган татлагын аль нэг эрч бүхлээрээ тасарсан байвал түүнийг ашиглахыг хориглоно.

Бүхээг 2 тусдаа татлага дээр зүүгдэж байгаа нөхцөлд татлага бүрийг тусад нь гологдолд гаргана. Харин аль их элэгдсэнийг нь дангаар нь сольж болно.

Бүхээг 3 ба түүнээс дээш татлага дээр зүүгдэж байгаа үед  татлагуудын элэгдлийн дундаж хэмжээгээр гологдолд гаргана. Энэ үед аль нэг татлаганы элэгдэл норм хэмжээнээс 50 хүртэл хувь хэтрэхийг зөвшөөрнө.

Татлага тодорхой хэмжээгээр элэгдсэн боловч гологдол болгох нормд хүрээгүй байгаа татлагыг ашиглахдаа дараахь зүйлсийг анхаарна:

  • Үйлчилгээ хийх бүрдээ татлагыг анхааралтай шалгаж паспортод тэмдэглэж байна;
  • Элэгдэл нь гологдол болгох нормд хүрэнгүүт татлагыг солино.

 

Гидравлик лифтний гидроцилиндр, шингэн дамжуулах хоолойн битүүмжлэлийг шалгаж, турших:

 

Бүхээгийг хамгийн дээд давхарч ирүүлээд, цахилгааны оролтын төхөөрөмжийг салган, гар шахуургаар бүхээгийг дээш өргөж, хамгаалах хавхлага онгойхыг үзнэ;

Гар шахуургаар хэвийн даралтыг 2 дахин ихэсгээд 5 минут байлгахад гидравлик системийн битүүмжлэл найдвартай байгааг магадлана. Гэхдээ энэ үед өндөр даралтаас хамгаалах хавхлагын тохируулгыг өөрчилсөн байх шаардлагатай. Туршилт хийсний дараа бүхээгийг хамгийн дээд давхарт байрлуулаад хамгаалах хавхлаганы даралтыг эргүүлж хэвийн байрлалд тавина;

Туршилтын дараа гидравлик системд шингэн алдаж, шүүрч байгаа эсэхийг нүдээр үзэж шалгана.

 

Хурд хязгаарлагчийг турших.

 

Хурд хязгаарлагчийн ажиллагааг туршихдаа бүхээгний шилжих хурдыг энэ дүрэмд заасан хэмжээгээр ихэсгэн, ажиллагааг шалгана. Энэ үед түүний таслагч хөтлүүрийг зогсоож байгааг бас үзнэ. Хоёр талын ажиллагаатай хурд хязгаарлагчийг хоёр тийш нь ажиллуулж шалгана. Бүхээгний хурдыг ихэсгэхийн тулд тоормосыг гараар тавиулж бүхээгийг гар удирдлагаар шилжүүлж шалгаж болно. Энэ үед бүхээгний доош шилжих хурдыг ихэсгэхдээ түүнийг бүрэн ачаалсан байна.

 

Баригчийн ажиллагааг турших

 

Баригчийн ажиллагааг туршихдаа бүхээг /эсрэг ачаа/-ийг чиглүүлэгч дээр зогсоож чадаж байгааг, бариулж шалгана. Баригчийг бүрэн ачаалалтайгаар туршиж үзнэ.

Ээлжит магадлалын үед бүхээгний баригчийг бүхээгт ачаагүйгээр  гүйцэтгэнэ. Бүхээгийг ажлын хурдаар шилжиж байх үед баригчийг турших ба 1 м/с-ээс их хурдтай лифтэнд ажлын хурднаас бага хурдаар туршиж болох боловч энэ хурд нь 1 м/с-ээс багагүй байна. Энэ үед түүний таслагч хөтлүүрийг зогсоож байгаа эсэхийг үзнэ.

Баригчийг сольсон нөхцөлд аажим зогсолттой баригчийг хэвийн даацаас 25%-аар илүү ачааллаар, огцом зогсолттой баригчийг бүрэн даацаар нь бариулж туршина.

Харин бүхээгийг чиглүүлэгч зам дээр бариулсны дараа зам төмөрт хортон үүссэн нөхцөлд түүнийг зүлгэж, өнгөлөн, арилгах шаардлагатай.

 

Зөөлөвч тулгуурыг /буфер/ турших

 

Зөөлөвч тулгуурын ажиллагааг шалгах үед доод хязгаарын таслагчуудыг ажиллахгүй болгоод, дараах байдлаар туршина:

  • пүршин тулгуурын хувьд бүхээг эсрэг ачаа пүрш дээр суух үед хүчтэй доргио үүсэх, пүрш бүрэн шахагдах буюу хугарах үзэгдэл байж болохгүй;
  • цохилтыг сааруулах материалаар хийгдсэн зөөлөвч тулгуурын хувьд хоосон бүхээгийг71 м/с хурдаар шилжүүлж тулгуур дээр буулгаж туршина. Бүхээгийг өргөсний дараа зөөлөвч тулгуур хэв гажилтанд ороогүй анхны хэвэндээ орсон байна;
  • шингэн шахуургат тулгуурын хувьд бүхээг, эсрэг ачаа зөөлөвч тулгуур дээр суухад бүлүүр хэт шахагдаж гацах, суларсан үедээ эхний байдалд буцахгүй байж болохгүй. Бүхээг, эсрэг ачаа тулгуур дээр суух үед түүний таслагч, цахилгаан хөдөлгүүрийн хүчдэлийг салгаж байгааг үзнэ;
  • ээлжит магадлалын үед энерги хуримтлуулах төрлийн зөөлөвч тулгуурийг турших шаардлагагүй техникийн байдлыг нүдээр үзэж магадлана. Энерги сарниулах төрлийн зөөлөвч тулгуурыг хоосон бүхээгийг 0,71м/с-ээс ихгүй хурдтайгаар буулгаж туршина;
  • зөөлөвч тулгуурыг сольсны дараа хэсэгчилсэн магадлал хийхдээ бүхээгийг хэвийн даацаар ачааллаад ажлын хурдаар нь зөөлөвч тулгуур дээр буулгаж туршина.

 

Тоормосын турших

 

Тоормосыг туршихдаа бүхээгийг ачаагүйгээр дээш шилжүүлж байх үедээ хөдөлгүүрийг зогсооход тоормос барьж байгааг шалгаж туршина. Тоормос найдвартай, гулгаагүй барих ёстой.

Цахилгаан тоормослолтой хөдөлгүүрийн хувьд хоосон бүхээгийг хамгийн дээд зогсоолд байрлуулаад, инверторын хурдыг “0” байхаар тохируулаад лифтийг ажиллуулна. Энэ үед хөтлүүрийн тоормос тавигдсан боловч хөдөлгүүр хөдөлгөөнгүй байрлалд байна. Үүнийг 2 минутын хугацаагаар туршиж үзэхэд бүхээг байрандаа байх ёстой.

Тоормосыг сольсны дараа техникийн хэсэгчилсэн магадлал хийхдээ лифтийг хэвийн даацаас 25% илүү ачааллаад, ажлын хурдаар доош явуулж туршина.

 

Ган татлаганы шкивтэй барьцалдах хүчний хамгийн их болон бага хэмжээг турших

 

Ган татлага шкивтэй барьцалдах хамгийн бага хэмжээг туршихдаа хоосон  бүхээгийг дээд хэсгээс дээш шилжүүлж дээд давхарт алдаагүй зогсож байгааг шалгана.

Ган татлага шкивтэй барьцалдах хамгийн их хэмжээг туршихдаа эсрэг ачааг зөөлөвч тулгуур дээр бүрэн суусан үед бүхээгийг гар удирдлагаар, эсвэл хөдөлгүүрийн бага хурдаар дээш шилжүүлэх ба энэ үед бүхээг дээш шилжихгүй байх ёстой.

 

            Статик туршилт хийх

 

Статик туршилтыг бүхээг, ган татлага, түүний бэхэлгээ, тоормосны чадвар, хөтлөгч шкив ган татлаганы хоорондын барьцалдах хүч, цахилгаан тоормосны найдвартай байдал, лифтний даацын эд ангиудын бат бөхийг шалгах зориулалтаар хийнэ. Үүнийг хийхийн дулд бүхээгийг хамгийн доод давхарт байрлуулаад хүн зөөдөггүй лифтийг түүний даацаас нь 25% илүү ачаагаар, хүн зөөдөг лифтийг 50%-ийн илүү ачаагаар ачааллаад 10 минутын хугацаанд байлгана. Энэ хугацаанд даацын эд ангиудад хэв гажилт өгч байгаа эсэх, ган татлага сунаж нарийсаж байгаа байдал, бүхээг доош сууж байгаа зэргийг үзэж шалгана.

 

Динамик туршилт хийх.

 

Динамик туршилтыг лифт бүрэн ачааллаараа ажиллаж чадаж байгаа эсэхийг шалгана. Үүнийг хийхийн тулд бүхээгт даацаас нь 10% илүү ачаа тавиад 3-аас доошгүй удаа дээш доош нь бүрэн явуулж үзнэ.

Энэ үед ажиллагааны хэвийн байдал, элдэв дуу, цохио, доргио үүсэж байгаа эсэх болон бусад механизмын ажиллагааны байдлыг үзнэ.

 

Статик, динамик туршилт хийх үед бүхээг замаасаа мултрах, төмөр хийц хугарах, мурийх, тахийх, туршилтын дараа лифтний хөдөлгөөнд шинээр чихраа, гажаа үүсэхийг лифт туршилт даагаагүй гэж үзэх ба гарсан алдааг зассаны дараа дахин статик, динамик туршилт хийж, баригчийг бариулна.

Лифтний магадлал, туршилт хийсний дараа акт үйлдэж, түүнд туршилтын үр дүнг бичээд, туршилтад оролцсон хүмүүс гарын үсгээ зурж баталгаажуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

©2020 Copyright - "ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ" ҮНДЭСНИЙ ХОЛБОО