Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж

БҮТЭЦ АЖИЛЛАХ ЗАРЧИМ.

Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж нь бетон зуурмагийг тусгай бункерт хүлээн авч түүнийг бетон шахуургын тусламжтайгаар, хоолойгоор хэвтээ болон босоо чиглэлд шахан тээвэрлэж, цутгах газарт нь хүргэн, түгээх зориулалттай. Түүнд зуурмагийг гол төлөв автобетон зуурагчаар тээвэрлэн ирж өгдөг.

Бетон шахуургат төхөөрөмжийг их хэмжээгээр бетон зуурмаг хэрэглэдэг байгууламж, өндөр барилгад хэрэглэх нь илүү үр дүнтэй. Түүнийг ашигласнаар бетон зуурмагийг өргөх зөөх ажилбар хөнгөвчлөгдөж, ажлын бүтээмж ихсэх, кран өргөх төхөөрөмж хэрэглэхгүй үйлдвэрлэлийн зардал хэмнэгдэхээс гадна бетоныг түргэн хугацаанд хүргэснээр түүний чанарыг муудуулахгүй сайн талтай байдаг.

Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн дутагдалтай тал нь том дүүргэгчтэй /100мм-с дээш/ зуурмагийг шахахад хүндрэлтэй, шахуургад зуурмагийг тасралтгүй өгөх, тасралтгүй ажиллагааг шаарддаг.

Бетон шахуургат төхөөрөмж нь суурин болон автомашин дээр суурилсан гэж байдаг.

Суурин төхөөрөмж нь зөвхөн зуурмаг хүлээн авах бункер, зуурмагийн шахуурга, түүнийг ажиллуулах хөдөлгүүр, удирдлагын системээс бүрдэнэ /Зураг 1/. Хөдөлгүүр нь ихэвчлэн дизель хөдөлгүүр байх боловч заримдаа цахилгаан хөдөлгүүрийг ашиглана.

             1 дүгээр зураг.Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж. 1-шахуургын бетон гаргах хоолой, 2-бетон зуурмаг хүлээн авах бункер, 3-дотоод шаталтат хөдөлгүүр, 4-удирдлагын шит, 5-төхөөрөмжийг шилжжүлэх тэргэнцэрийн арал, 6-гидравлик насос, 7-төхөөрөмжийг ажлын байрлалд суурилуулах тулгуур, 8-бетоны шахуурга.

Суурин төхөөрөмжийг тээврийн хэрэгсэл дээр ачин ирж, буулган, суурилуулна. Зуурмаг дамжуулах хоолой нь тусдаа иж бүрдлээр ирэх ба түүнийг барилгатай бэхлэн,  угсраад, зуурмагын шахуургатай холбодог.

Суурин бетон шахуурга нь илүү өндөрт болон хол зайд бетон зуурмагийг өгөх чадвартай байдаг. Суурин шахуургат төхөөрөмжийн дэлхийн рекорд нь Putzmeisterкомпанийн суурилуулсан 606 м өндөрт зуурмагийг гаргаж чадах төхөөрөмж байдаг.

Автомашин дээр суурилсан бетон шахуургат төхөөрөмжийг автобетон шахуурга гэх ба тэр нь бетон хүлээн авах бункер, зуурмагийн шахуурга, дамжуулах хоолой, түүнийг өргөх, хөдөлгөх төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байна /Зураг2а/. Бетон шахуургыг мөн чиргүүл дээр байрлуулан автобетон шахуургын адилаар хэрэглэж болдог /Зураг2б/.

Автобетон шахуургын давуу тал нь бетон зуурмаг дамжуулах хоолойг барилгад бэхлэх шаардлагагүй, цутгах талбайд хүрэлцэн хөдлөх чадвар сайтай, зуурмаг нийлүүлж буй төхөөрөмжийн байрлалд зохицон ажиллах чадвартай, олон обьектод бага хугацаанд шилжин ажиллах боломжтой юм. Тиймд орчин үеийн барилга, байгууламжид автобетон шахуургыг түгээмэл хэрэглэж байна.

         

2 дугаар зураг. а.Автобетон шахуургат төхөөрөмж, б.чиргүүлийн бетон шахуургат төхөөрөмж. 1-төхөөрөмжийг суурилуулсан тээврийн хэрэгсэл, 2-хамгийн доод сумыг өргөх гидроцилиндр, 3-бетон дамжуулах хоолойг өргөх, байрлуулах сум, гарнууд, 4,6- бетон зуурмаг дамжуулах хоолойнууд, 5-зуурмаг хүлээн авах бункер, 7-төхөөрөмжийг ажлын байрлалд байрлуулах тулгуур, 8-төхөөрөмжийн бетон шахуурга түүний удирдлагын гидросистемийн хэсэг, 9-бетон түгээх уян хоолой.

Түүнээс гадна зөвхөн суурин бетон шахуургыг автомашин болон бусад тээврийн хэрэгсэл дээр суурилуулан хэрэглэх тохиолдол байна /зураг 3/. Энэ үед бетон зуурмаг дамжуулах хоолой нь барилгадаа суурин бэхлэгдсэн байх ба шахуурга нь обьект хооронд шилжин ажиллана.    

3 дугаар зураг. Автомашин дээр байрласан бетон шахуурга, 1-бетон шахуургат төхөөрөмжийг суурилуулсан автомашин, 2-бетон шахуургат суурин төхөөрөмж, 3-зуурмаг хүлээн авах бункер, 4-бетон шахуургын гаралт.

Өнөө үед бетон шахуургат төхөөрөмжийн гол үйлдвэрлэгчид нь европод:  , SCHWING/АНУ/,LIEBHERR/АНУ/, MECBO/Итали/, Putzmeister/Германи/, CIFA/Итали/, WAITZINGER/Германи/, 

Азид: DONGYANG/Солонгос/, KCP/Солонгос/, SANY/Хятад/, JUNJIN/Солонгос/, ZOOMLION/Хятад/, BETONSTAR/Турк/, EVERDIGM/Солонгос/,  Kyungwon/Солонгос/,  компаниуд байдаг байна.

Анхны автобетон шахуургат төхөөрөмжийг өмнөд солонгосын KCPкомпани 2006 онд 65м өндөртэйгөөр үйлдвэрлэж байсан байна. Энэтхэгийн Parbati нэртэй усан цахилгаан станцын далан дээр 2009 онд Schwing Stetterкомпанийн үйлдвэрлэсэн бетон шахуургат төхөөрөмж нь 715м өндөрт бетоныг шахсан нь рекорд үзүүлэлт гэж үздэг юм байна.

Бетон шахуургат төхөөрөмж нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ:

1.    Бетон зуурмаг хүлээн авах бункер

2.    Бетон зуурмагийн шахуурга

3.    Бетон зуурмагийг дамжуулах, түгээх хоолой

4.    Дамжуулах хоолойг өргөх, хөдөлгөх, байрлуулах, бэхлэх хэрэгсэл

5.    Бетон шахуургат төхөөрөмжийг зөөх тээвэрлэх хэрэгсэл

6.    Бетон шахуургат төхөөрөмжийн тулгуур

1.    Бетон зуурмаг хүлээн авах бункер

Бетон зуурмагыг хүлээн авах бункер нь төхөөрөмжийн хамгийн эхний дамжлага бөгөөд тэр нь 4 дүгээр зурагт үзүүлснээр зуурмаг хүлээн авах сав /3/, хүлээн авч байгаа зуурмагаас тохиолдлоор орсон том ширхэгтэй зүйлсийг ялгах тор /7/, зуурмагийн чанарыг хадгалах, хутгах зориулалттай сэлүүр /6/ бүхий холигч гол /5/-ноос бүтнэ. Ажлын дараа бункерийг цэвэрлэх үед хаягдлыг бункерын дор байрлах, юүлэх амаар /11/ гарган хаяна.

Барилга дээр гол төлөв автобетон зуурагчаар зуурмагийг тээвэрлэн ирж бункерт хийнэ. Бункерт зуурмаг хийх үед оператор хяналт бетон зуурмагийн шахуургын ажиллагааны хэвийн байдлыг хянаж, хүлээх авах, бункерт бетон зуурмагийг сэлүүрээс дээгүүр түвшинд нь байлгана. Бетон зуурмаг өгөх үед шугамд хий орох шинж илрэх бүрд операторууд бие биедээ харилцан мэдээлж, гарах үр дагавараас сэргийлж ажиллана.

Зуурмаг хүлээн авах бункерийн хийц, ажиллагаа нь бүх төрлийн шахуургат төхөөрөмжид ерөнхийдөө ижил хийцтэй байна.